Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх, тэмдэглэлт ёс

2026-03-08 10:301min
20260308-103026-file.jpeg
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баяр нь анх 1908 онд АНУ-д эхэлсэн бөгөөд одоо дэлхийн олон оронд өөр өөрөөр тэмдэглэгддэг албан ёсны баяр юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баяр маргааш тохионо. Энэ өдрийг дэлхийн олон оронд өөр өөрөөр тэмдэглэдэг бөгөөд НҮБ-ын зүгээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх эрх тэгш байдлыг дэмжих албан ёсны баяр гэж үздэг.

Энэ өдрийг анх 1908 онд АНУ-ын Нью-Йорк хотод 15,000 орчим эмэгтэй бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авах, сонгууль өгөх эрхийн төлөө жагссанаас эхлэн тэмдэглэж эхэлжээ. Дараа жил нь Америкийн социалист нам эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг гаргасан байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин дэвшүүлжээ. Ингээд 1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг орнуудад анх тэмдэглэж эхэлсэн байна.

Тогтсон өдөр байхгүй байсан ч 1917 онд Оросод эмэгтэйчүүд “Талх ба эрх чөлөө” хэмээх ажил хаялтыг зарласнаас дөрвөн хоногийн дараа Засгийн газар эмэгтэйчүүдэд сонгууль өгөх эрх олгосон бөгөөд энэ үйл явдал гуравдугаар сарын 8-нд болсон тул энэ өдрийг албан ёсны баяр болгон тэмдэглэх болсон юм.

1975 онд НҮБ энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, уриа дэвшүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн жил “Өөрчлөлт хийхийн тулд эрх тэгш, ухаалаг, бүтээлч бодоорой” гэсэн уриаг ашигласан бол энэ жил “#balanceforbetter” буюу “илүү сайжруулахын тулд тэнцвэртэй байдал хэрэгтэй” гэсэн уриаг дэвшүүлжээ.

Монгол Улс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж, өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Орос Улс энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд 3-4 хоног үргэлжлэх баярын үйл ажиллагаанд бэлэг дурсгал, цэцгийн баглаа ихээр худалдаалагддаг.

Хятадын Засгийн газраас гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд хагас өдөр ажиллах ёстой гэж хуульчилсан ч ихэнх ажил олгогчид бүтэн цагаар ажиллуулдаг байна.

Итали улсад энэ өдрийг “la Festa della Donna” гэж нэрлэдэг бөгөөд бүсгүйчүүдэд “mimosa” цэцэг бэлэглэдэг уламжлалтай.

АНУ-д гуравдугаар сарыг эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг бөгөөд жил бүр Ерөнхийлөгчийн тунхаглал гаргаж амжилттай эмэгтэйчүүдийг шагнадаг. Мөн дунд шатны сонгуулиар олон эмэгтэй Конгресст сонгогдсон байна.

Нэмж дурдахад олон улсын эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тохиодог бөгөөд 1990 оноос дэлхийн 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн ч НҮБ-ын албан ёсны баяр биш юм.