“Бүргэдийн баяр” 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

“Бүргэдийн баяр” 20 дахь жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 29 бүргэдчин оролцож байгаа бол Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин оролцож байна.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийх уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” гэж нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өнөөг хүртэл хадгалагдан иржээ.
Энэхүү уламжлалыг хадгалж буй улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.
“Бүргэдийн баяр” нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд оролцогч бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг.
Энэ үеэр уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг.
