2026 оны хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл 52 хувь буурчээ

2026-03-07 15:301min
20260307-153026-file.jpeg
2026 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчил 10.9 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийлэл 51.9 хувиар багассан талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.

2026 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд нийт 496,017 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 10.9 хувиар буурсан байна. Эдгээр зөрчлийн 88.3 хувь нь нийслэлд, 11.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зөрчлийн 99.5 хувийг цагдаагийн байгууллага, 0.5 хувийг бусад байгууллагууд шалган шийдвэрлэсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.

Зөрчлийн 98.2 хувийг газар дээр нь, 1.3 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар шийдвэрлэж, 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулсан байна.

Хоёрдугаар сард зөрчил гаргасан 476,316 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 11.4 хувиар буурсан бол 19,808 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь 3.7 хувиар өссөн байна.

Шийтгэл авсан 6,628 иргэний 74.6 хувь нь эрэгтэй, 25.4 хувь нь эмэгтэй бөгөөд 56.7 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Энэ хугацаанд зөрчлийн улмаас 6.6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.08 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Хоёрдугаар сард өмнөх сартай харьцуулахад нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5.3 хувиар, танхайрах зөрчил 46 хувиар, хүний биед халдах зөрчил 20.8 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл 51.9 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 29.1 хувиар, хулгайлах зөрчил 56 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 10.5 хувиар буурсан байна.

Гэсэн хэдий ч согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 89.1 хувиар өссөн байна.