“The MongolZ” баг ESL Pro League Season 23 тэмцээний хоёрдугаар шатанд ялалт байгууллаа

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын ESL Pro League Season 23 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Энэ шатанд гурван удаа хожсон найман баг Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө өрсөлдөх эрхтэй болно.
“The MongolZ” баг хоёрдугаар шатанд дэлхийн чансааны оноогоор уригдсан бөгөөд эхний тойрогт Бразилын “paiN Gaming” багийг 2:0 харьцаагаар яллаа.
Хоёрдугаар тойрогт “The MongolZ” баг Туркийн “Aurora Gaming” багтай өнөө оройн 18:30 цагт тоглоно. Эдгээр багууд өмнө есөн удаа учраа таарахад Монголын баг долоон удаа ялалт байгуулжээ. Хамгийн сүүлд 2025 оны аравдугаар сард болсон Thunderpick World Championship 2025 тэмцээний гуравдугаар байрын төлөөх тоглолтод “The MongolZ” баг “Aurora Gaming” багийг хожсон байна.
Хэрэв өнөөдрийн тоглолтод “The MongolZ” баг хожвол дараагийн шатанд шалгарахад нэг хожил дутуу үлдэх юм.
“ESL Pro League Season 23” тэмцээнд түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155,000 ам.доллар, гуравдугаарт 110,000 ам.долларын шагнал олгохоор зохион байгуулагчид төлөвлөжээ.
