Дэлхийн банк Улаанбаатар-Лүн автозамыг өргөтгөх төслийг санхүүжүүлэх боломжтойг мэдэгдэв

2026-03-07 12:001min
20260307-120023-file.jpeg
Дэлхийн банк Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөх төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтойг Зам тээврийн сайдтай уулзахдаа илэрхийлэв. Төслийн ТЭЗҮ бэлэн, эдийн засаг, аялал жуулчлалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Дэлхийн банк Улаанбаатар-Лүн сумыг холбосон 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөх төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай уулзах үеэрээ онцолсон байна.

Эхэндээ уг төслийн санхүүжилтийг Кувэйтийн Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх сантай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлага гарсан байна.

Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам бөгөөд олон улсын транзит тээврийн чухал коридор болжээ. Сүүлийн жилүүдэд замын ачаалал нэмэгдэж, осол аваарын тоо өссөн тул автозамыг өргөтгөн шинэчлэх, төслийг яаралтай эхлүүлэх шаардлага үүссэн байна.

Төслийн ТЭЗҮ судалгаа, зураг төсөл бэлэн болсон бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг шинэ зургаар тавих бөгөөд зам чөлөөлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгөд халдахгүйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхыг анхаарч ажиллахаа мэдэгдлээ.