Монгол Улсад менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдэж, нэг хүүхэд нас барлаа

2026-03-07 11:301min
20260307-113021-file.jpeg
Монгол Улсад менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг хүүхэд нас барсан байна. Халдвар хурдан хүндэрдэг тул шинж тэмдгийг анхаарч, яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна.

Монгол Улсад менингококкт халдварын батлагдсан таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний нэг нь хүүхдийн нас баралттай холбогдсон талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатарт хоёр, Дархан-Уулд нэг, Хөвсгөлд нэг, Увс аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Менингококкт халдвар нь хурдан хүндэрч болзошгүй халдварт өвчин бөгөөд ялангуяа нярай болон бага насны хүүхдэд хүнд хэлбэрээр илэрдэг.

Бага насны хүүхдэд илрэх гол шинж тэмдгүүд нь 38 градусаас дээш халуурах, уйламтгай болох, тайвшрахгүй байх, хөхөө муу хөхөх эсвэл хоолонд дургүй болох, бөөлжих, нойрмоглох, сулрах, арьсан дээр ягаан эсвэл хөхөвтөр цусархаг тууралт гарах, нярайд толгойн зулай товойх, гар хөл хүйтэн болох, таталт өгөх зэрэг юм.

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах эсвэл ойрын эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Менингококкт халдвар нь хурдан хүндэрдэг тул эрт оношлуулж, эмчлүүлэх нь амь насыг аврахад чухал ач холбогдолтой юм.