Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллаж, гадаад харилцааг өргөжүүлэх боломжийг судалжээ

2026-03-07 11:001min
20260307-110031-file.jpeg
Монгол Улсын шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутгийн нөхцөл байдалтай танилцаж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалж байна.

Монгол Улсаас хилийн чанадад суухаар шинээр томилогдсон Элчин сайд нар бэлтгэл ажлаа хангаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Элчин сайд нар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан долоон бүсэд ажиллаж, орон нутгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалттай танилцан, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалж байна.

Энэ хүрээнд Австри Улсад суух Элчин сайд Д.Мөнхтөр, Вьетнам Улсад суух Элчин сайд Г.Хулан, Киргиз Улсад суух Элчин сайд Д.Тэгшжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг 2026 оны гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт ажиллалаа.

Аймаг, орон нутгийн удирдлага шинээр томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, нутаг орныхоо онцлог, нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгч, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд тулгарч буй асуудлаар санал солилцов.

Багийн гишүүд төрийн байгууллагын ажилтнуудад олон улсын харилцааны өнөөгийн байдал, гадаад хамтын ажиллагааны үр шимийг орон нутагт хүргэх боломж, дипломат ёслолын талаар танилцуулга хийж, сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Өвөрхангай аймаг дахь мах боловсруулах үйлдвэр, Баянхонгор аймгийн “Вишн агро” ХХК, Ингэний сүүний үйлдвэр, “Ажилсаг” төв, “Сүлдэн тэнгэр” хоршоо, “Өлзийт” МСҮТ, Архангай аймгийн “Архангайд үйлдвэрлэв” төвийн гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцжээ.

Гадаад харилцааны сайдын баталсан Бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллахын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төслийн явцтай танилцаж, зарим хилийн боомтод ажиллах юм.

Мөн Элчин сайд нар төсөв санхүү, дипломат ёслол, консул, мэдээллийн аюулгүй байдал зэрэг чиглэлийн тусгайлсан сургалтад хамрагдаж, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодтой нэгдсэн уулзалт, арга хэмжээг зохион байгуулах ажээ гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.