Засгийн газар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлав

Засгийн газар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, иргэдийг ядуурлаас гаргах зорилт тавин ажиллаж байна.
Өчигдөр /2026.03.06/ Ерөнхий сайд Г.Занданшатар Ядуурлыг бууруулах үндэсний санаачилгыг өрнүүлж, Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа. Ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийг дэмжихээр төлөвлөж, татвар, зээлийн таатай нөхцөл бүрдүүлэх, ажлын байр бий болгох цогц төлөвлөгөө хэрэгжүүлэх юм.
Залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлнэ.
2025 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн бөгөөд энэ өсөлт нь айл өрх бүрийн амьжиргаанд мэдрэгдэх ёстой гэж Засгийн газар үзэж байна.
Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд баг, сум, аймаг, хот, дүүрэг, хорооны бүх шатны Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид, хэсгийн ахлагч нар иргэдтэй нэр устай нь тулж ажиллаж, ядуурлаас гаргах үүрэг хүлээнэ. Үүний дагуу бүх шатны Засаг дарга нарын ажлыг дүгнэх юм.
Сумын Засаг дарга нар сумаа ядууралгүй болгох үүрэгтэй бөгөөд ажилгүй, орлогогүй иргэдийг ажилд зуучлах, хувийн бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.
