Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 42 хүний давж заалдах шатны шүүх үргэлжилж байна

Шүүгдэгч Г.Одонтуулын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч “Би Монгол Улсын хөгжлийн төлөө гарын үсэг зурсан” гэдгээ мэдүүлсэн” гэж мэдэгдэв. Г.Одонтуул нь Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан.
Хөгжлийн банктай холбоотой хэрэгт нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээд холбогдсон бөгөөд уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ хэрэгт нийт 80 хүн, 4 хуулийн этгээд холбогдсон бөгөөд Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхээр хэлэлцэж, 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сард хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон юм. Энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн, давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл гаргаж, 25 оролцогч гомдол гаргасан байна.
Одоогоор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчдын гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байна.
