Өмнөговьд зэрлэг амьтан, ургамлын тархац, хамгааллын төлөвлөгөө

Өнөөдөр Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэ жил уг өдрийг “Зэрлэг амьтны хамгааллын санхүүжилт-хүн ба дэлхийдээ хөрөнгө оруулъя” уриан дор тэмдэглэж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд нэн ховордсон ирвэс, аргаль, янгир, хулан, хавтгай, ёл зэрэг амьтад нутаглан амьдарч байна. Тодруулбал, Гурвантэс сумын Тостын нуруунд 10 ирвэс, 6 гүем, Сэврэй сумын Сэврэй ууланд 10 ирвэс, Ноён сумын Хүрэн ханын хэцэд 6 ирвэс, 4 зулзага нийт 30-32 орчим ирвэс нутаглаж байгаа мэдээлэл байна.
Аргаль нь 9539 км² талбайд 1330-1400, янгир 6650 км² талбайд 1700-1800, хар сүүлт 52158 км² талбайд 60600, хулан адуу 12249 км² талбайд 12000-12100 тоо толгой тархан нутаглаж байна.
Говийн зургаан гайхамшигт амьтан буюу мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, тахь, бөхөн зэрэг говь цөлийн ховор, томоохон амьтад бий. Өмнөговь аймагт тахь, бөхөн хоёрын бусад нь оршдог.
Мөн Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Номгон, Хүрмэн, Ноён, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдад аргаль, янгирын агнуурын бүс нутгуудад “Агнуур зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөө” батлуулан дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
