Нийслэлд есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

2026-03-03 17:301min
20260303-173030-file.jpeg
Нийслэлд гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдах бөгөөд үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална.

Нийслэлд нөөцийн махны жижиглэн худалдаа нэгдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд үхрийн махыг килограммыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулж байна. Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр хонины махыг гулуузаар нь килограммыг 13 мянган төгрөгөөр худалдаалах юм.

Өргөтгөсөн худалдаа дараах байршлуудад явагдана: Жуковын талбай, Жанжингийн гэрийн буйр, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай, Хос өргөө хотхоны 21 дүгээр байрны урд талбай, Шинэ Улаанбаатар Драгон терминалын гадна талбай, Орбитын тойрог, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай, Титан центрийн авто зогсоол, Тусгаар тогтнолын талбай.

Энэ жил есөн аж ахуйн нэгж нийт 5016 тонн нөөцийн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ. Худалдаанд чанар, стандартын шаардлага хангасан гулууз махыг худалдаалах юм.