Хөвсгөл аймгийн сумдын сургуулиудын халаалтын асуудлыг шийдвэрлэв

Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдын ерөнхий боловсролын сургуулиуд халаалтгүй байсан тул сурагчид дээлтэй хичээллэх, зарим тохиолдолд хичээл орох боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай мэдээлэл гарсан юм.
Эдгээр сумдад Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөллүүд ажиллаж, зуухан галлагаатай сургуулиудын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр болсныг албан ёсоор мэдэгдлээ.
Цагаан нуур суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга барихаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажил 2026 онд эхэлж, 2027 онд ашиглалтад орох юм.
Рэнчинлхүмбэ суманд зургаан жил гацсан, 75 хувийн гүйцэтгэлтэй 320 хүүхдийн сургуулийн барилгыг энэ онд гүйцээж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. Мөн тус сумын Хөөндий багт НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар “Багийн бага сургууль” байгуулах ажил эхэлж байгаа бөгөөд энэ нь алслагдсан багийн хүүхдүүдэд сургууль завсардалтыг бууруулах, гэр бүлтэйгээ ойрхон суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
