Ноос, ноолуурын экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр боллоо

2026-03-03 16:301min
20260303-163035-file.jpeg
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын урамшуулалд хамруулах зэрэг дэмжлэг үзүүлэхээр холбогдох байгууллагуудтай уулзав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох салбарын төлөөлөлтэй уулзав. Тэрбээр 2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсноор 5.7 дахин өссөн үзүүлэлт гарч, 335 сая долларын орлого олсон талаар тэмдэглэв. Өнгөрсөн оны эдийн засгийн 6.8 хувийн өсөлтийн 40 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж, үүнд ноос, ноолуурын экспорт гол нөлөө үзүүлсэн байна.

Уулзалтаар зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын урамшуулалд хамруулах, худалдан авсан түүхий эд болон экспортын гэрээг барьцаалж зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх боломжийг хэлэлцэв. Ноос, ноолуурын салбарынхан үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэхэд эдгээр арга хэмжээ чухал гэж үзэж байна.

Ерөнхий сайд Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцаж, дахин зээл авахад өмнөх зээлийг төлсөн байх ёстой гэсэн хатуу шалгуурыг уян хатан болгох саналыг хөндлөө. Банкууд экспортыг дэмжиж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг илэрхийлсэн бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр буурч, 4.6 хувьд хүрснийг онцлов.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нөөцөлсөн түүхий эд, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах асуудлыг судлахыг санал болголоо.

Уулзалтын үр дүнд ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцох, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо. Мөн Сүхбаатар аймагт энэ сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, салбарын яам бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг томилсон байна. Татварын бодлогоор дэмжих боломжийг судалж, санал боловсруулах үүргийг Сангийн яаманд өгчээ.