Вьетнам дахь монгол морьдыг эх оронд нь буцаан авчирна

2026-03-03 14:301min
20260303-143023-file.jpeg
Вьетнамын цагдаагийн байгууллагад үүрэг гүйцэтгэж буй 140 монгол адууг 2024 онд эх оронд нь эргүүлэн авчрах тохиролцоог Монгол, Вьетнамын талууд хийжээ.

Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх Морьт цагдаагийн хороонд 140 монгол адуу үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр адууг Монгол, Вьетнамын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2020 оны арванхоёрдугаар сард Вьетнамд морин эргүүлд ашиглах зорилгоор шилжүүлжээ.

Энэхүү санал 2019 онд Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын сайд, одоогийн Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад айлчлах үеэр тавигдсан бөгөөд хоёр тал гэрээ байгуулж, 2020 онд нийт 108 монгол адууг Вьетнамд илгээсэн байна. Одоогоор адуунууд өсөж үржин 140 гаруй болсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа, эмх замбараагүй нөхцөл байдлыг хянах, уулархаг болон хилийн бүсэд эргүүл хийх зэрэг үүрэг гүйцэтгэж байна.

Вьетнамын хэвлэлүүд монгол адууг үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой гэж үнэлж, нийслэлийн төв талбайд морьт парад зохион байгуулсан байна. Үүний үр дүнд Вьетнамын талаас дахин 100 адуу авах санал гаргасан байна. “Дэлхийн морьтнууд” төслийн санаачлагч Ю.Үнэнбүрэн монгол морьд халуун, чийглэг уур амьсгалд дасан зохицож, морьт цагдаатай уялдаа холбоотой ажиллаж буйг олон нийтэд танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Вьетнамд төрийн айлчлал хийх үеэрээ монгол морьдыг эргэж очиж танилцсан бөгөөд адуунууд монгол хүн хараад хөөрч байсныг онцолсон байна. Гадаад харилцааны сайд Г.Батцэцэг морьд монгол хүн ирэхэд үнэрээр нь таньж, хариу үйлдэл үзүүлдэг гэж хэлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх морьдын нөхцөл байдлыг үзэж танилцсаны дараа тэднийг эх оронд нь эргүүлэн авчрах шийдвэр гаргасан бөгөөд цаашид Вьетнам руу дахин адуу илгээвэл тэднийг заавал эх оронд нь авчрахыг амласан байна. 2024 онд Вьетнамын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.