Монголын боксчид 77 дахь “Странджа” тэмцээнээс гурван хүрэл медаль хүртэв

Болгарын Софи хотод зохион байгуулагдсан 77 дахь удаагийн “Странджа” олон улсын боксын тэмцээнээс Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд оролцсон Х.Билгүүнсайхан эхний даваандаа Украины Чулачиев Олехыг, дараа нь Гүржийн Аяважян Горыг ялж, хүрлийн төлөө Казахстаны Кенжибек Багланыг давсан ч хагас шигшээд Америкийн тамирчин Парисио Лорензод ялагдан хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд залуу мастер Э.Номундарь шууд хүрэл медаль хүртсэн бөгөөд медалийн өнгө хувиргах тулаанд Украины Охота Ханнад ялагджээ.
60 кг-ын жинд оролцсон М.Намуун эхний даваанд ялж, хоёрдугаар тойрогт Туркийн Эргиногуз Эвинийг 5:0-оор, хүрлийн төлөө Узбекистаны Турдибекова Ситораг 3:2-оор ялсан ч хагас шигшээд дэлхийн аварга Сантос Ребека Де Лимад ялагдсан байна.
Энэхүү тэмцээнд 36 орны боксчин оролцсон бөгөөд 18 улс медаль хүртсэнээс Монголын баг медалийн чанараар 13 дугаарт жагсжээ.
