Говь-Алтайд сураггүй болсон зургаан настай ихрүүдийг эсэн мэнд олжээ
2026-03-02 12:031min

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд сураггүй болсон зургаан настай хоёр ихэр хүүхдийг сумын төвөөс найман километрийн зайд унтаж байхад нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс зургаан настай хоёр ихэр хүүхэд алга болсон тухай дуудлага энэ сарын 28-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан 13 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна.
Эрлийн ажиллагааг Төгрөг сумын төвөөс Төгрөгийн эх багийн Хөх хад чиглэлд явуулж, сумын төвөөс баруун тийш найм орчим километрийн зайд хүүхдүүдийг унтаж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
