Орон нутгийн авто замуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж байна

2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагийн байдлаар орон нутгийн авто замуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн А0401 дугаартай авто зам дагуу хур тунадас орж, явган шуургатай байгаа тул халтиргаа гулгаа үүсэх, цас тогтож эгнээ хаагдах магадлалтай байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нар хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Авто замын үзлэг хийгдэж, шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байгааг Баянчандмань салбарын Зам хариуцагч мэдээлэв.
Мөн А0101 дугаартай Улаанбаатар-Чойр, А24 дугаартай Налайх-Тэрэлж, А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замуудад үзлэг хийгдэж байна. Шөнөдөө цас орж, тэнгэр бүрхэг, явган шуургатай байгаа юм. А0101 Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замд шороон материал тараах, давс цацах ажил хийгдэж байна. А0501 Улаанбаатар-Өндөрхаан болон А24 Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын зорчих хэсэг, хөвөөнд шуурч хунгарласан цас хусах ажлууд хийгдэж байгааг Налайх салбарын Зам хариуцагч мэдээлэв.
