2026 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлав

2026-03-02 14:031min
20260302-140326-file.jpeg
2026 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Ажилгүйдлийг бууруулах, орлогыг дэмжих шаардлага байна.

2026 оныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа.

Энэ хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тухайлбал, хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн ажлын байранд цалин хөлс эрэгтэйчүүдийнхээс бага байгааг шийдвэрлэхээр ажиллана.

Мөн мэргэжлийн зөрүүтэй ажиллах хүчний хувийг 53 хувьтай байгааг бууруулах, эрэлт нийлүүлэлтийн харьцааг сайжруулах замаар залуучуудыг тасралтгүй ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлнэ.

Ахмад настнуудыг зохистой ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Манай улсад 1 сая 466 мянга гаруй ажиллах хүчин байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай байна.

Ажилгүйдлийн түвшинг бууруулж, иргэдийн орлогыг бодитоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” үндэсний форумд оролцох үеэр хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн нөлөөгөөр хүний ажиллах чадвар, ур чадварын шаардлага өөрчлөгдөж, насан туршийн сургалт, хөгжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг онцлон хэллээ.