“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө

Казах түмний бүргэдээр ан хийх өв уламжлал, зан заншлыг сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг энэ жил өргөжүүлэн “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон ирэх гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр наадам өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Энэ жилийн онцлог нь олон орны бүргэдчид уригдан оролцох явдал юм.
Арга хэмжээ жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд казах түмний бүргэдээр ан хийх соёл, ахуй, зан заншлыг сэргээх, залуу үед өвлүүлэх, олон улсад сурталчлах зорилготой юм.
Наадмын үеэр бүргэдчдийн ур чадварын тэмцээн, морин дээрээс бүргэд дуудуулах үзүүлбэр, үндэсний хувцас, гар урлалын танилцуулга, соёлын тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн дотоод, гадаадын жуулчдад зориулсан соёлын танин мэдэхүйн үйл ажиллагаа багтжээ.
Аялал жуулчлалын салбарынхан “Бүргэдийн баяр”-ыг Монголын өвлийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээнүүдийн нэг гэж үздэг бөгөөд нүүдэлчдийн биет бус өвийг дэлхийд сурталчлах ач холбогдолтой гэж онцолж байна.
