Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү барилга нь 34 х 36 метр хэмжээтэй, нийт 2448 м.кв талбайтай хоёр давхар байгууламж юм.
Нэгдүгээр давхарт олон улсын стандартад нийцсэн 25 метр урт, 8.8 метр өргөн усан бассейн, багшийн болон эмчийн өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь байрлуулсан.
Хоёрдугаар давхрын спорт заал нь олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд сурагчид тохилог орчинд усан спортоор хичээллэх боломжтой болсон.
Усан бассейны усыг зориулалтын шүүлтүүрийн систем болон робот цэвэрлэгч ашиглан тогтмол цэвэрлэж, ариун цэврийн шаардлагыг ханган ажиллаж байна. Барилгын бүтээн байгуулалтыг “Гэрэлтжин” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлсэн.
