Монгол Ардын намын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” илтгэл тавив

2026-02-27 17:011min
20260227-170108-file.jpeg
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал эрх чөлөөг хамгаалах, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөлтийн дөрвөн чиглэлийг танилцуулж, намын шинэчлэлийн зорилгыг тодорхойлов.

Монгол Ардын намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл тавив.

Илтгэлд эрх чөлөөг хамгаалах, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөлтийн дөрвөн үндсэн чиглэлийг танилцуулсан байна. Тэрбээр эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалах цаг ирснийг онцолж, Монгол Ардын нам ард түмний итгэлд эргэн ирэхийн төлөө шинэчлэл хийхээ илэрхийлэв.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн арван жилд дөрөв дахин тэлсэн ч үр дүнг иргэдэд хүртээж чадаагүйг тэмдэглэж, хүнд суртал, өндөр зээлийн хүү, төрийн оролцоо ихэссэн нь хөгжлийг хязгаарлаж байгааг дурдав.

Тэрбээр мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль зөрчсөн заалтуудыг цэгцлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлд хиймэл оюун ухааныг ашиглахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ногоон хөгжлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхийг онцолсон байна.

Авлигын эсрэг тэмцэлд төрийн албыг тогтвортой, чадварлаг болгох, авлига, хүнд сурталтай тэмцэхийг уриалж, намын гишүүдийг ёс зүйн хариуцлагаа сахихыг шаардсан юм.

“Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлого нь эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүйн чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийг багтаасан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх замаар Монгол Ардын нам иргэдийн итгэлд эргэн ирэх зорилготойг илэрхийллээ.