Монгол Улс Дэлхийн Энх тайвны индексэд байр сууриа эрс сайжруулжээ

2026-02-25 20:011min
20260225-200107-file.jpeg
Монгол Улс Дэлхийн Энх тайвны индексэд 2015 оноос хойш байр сууриа сайжруулж, 163 орны дунд 37 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэхүү үнэлгээнд улс төрийн тогтвортой байдал, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүд багтдаг.

Монгол Улс Дэлхийн Энх тайвны индексэд (Global Peace Index, GPI) сүүлийн арван жилийн хугацаанд байр сууриа эрс сайжруулж, дэлхийн шилдэг 50 улсын нэг болжээ. 2015 онд Монгол Улс 2.22 оноотойгоор 42 дугаарт жагсаж байсан бол 2025 онд оноо нь 1.71 болж, дэлхийн 163 орны дунд 37 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Азийн хэмжээнд Монгол Улс тавдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд Сингапур тэргүүлж, Япон, Малайз, Бутан удаалсан байна. Энэхүү индексийг Австралид төвтэй Эдийн засаг, энх тайвны хүрээлэн (Institute for Economics and Peace, IEP) жил бүр гаргадаг бөгөөд 163 улс, нутаг дэвсгэрийн энх тайванч байдлыг 1-5 онооны систем бүхий 23 тоон болон чанарын үзүүлэлтээр үнэлдэг.

Оноо багатай байх нь тухайн улсын энх тайванч байдлын өндөр түвшинг илэрхийлдэг. Үзүүлэлтүүдэд гэмт хэргийн түвшин, хүн амины хэрэг, дотоод мөргөлдөөний эрчим, зэвсгийн импорт, дотоод болон гадаад мөргөлдөөнөөс үүдсэн нас баралт зэрэг хүчин зүйлс багтдаг.

Монгол Улс бүс нутагтаа харьцангуй тогтвортой улс төрийн орчинтой, гадаад мөргөлдөөнд оролцоогүй, олон нийтийн аюулгүй байдал, хамгаалалтын үзүүлэлтүүдээр эерэг үнэлгээ авсан гэж тайланд дурджээ.