Дорнодод Буйр нуурын мөс цөмөрч дөрвөн хүн амь насаа алджээ

Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн Хошуу бургас орчимд байрлах Буйр нуурын мөс цөмөрсний улмаас дөрвөн хүн амь насаа алджээ.
Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Буйр нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын зургаан зорчигчтой автомашин мөс цөмөрсний улмаас живсэн байна. Автомашинд зорчиж явсан хоёр хүн (нэг том хүн, нэг хүүхэд) амьд гарсан бол дөрвөн хүн (хоёр том хүн, хоёр хүүхэд) нас баржээ.
Онцгой байдлын албанаас дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Цаг уурын байгууллагын мэдээллээр, хоёрдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар дунд болон томоохон голуудын мөсний зузаан тогтвортой байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг голын мөсний зузаан Хатгал тосгон орчимд 5 см нимгэрсэн бол Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 6 см нэмэгдэж, 95-107 см зузаан болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5-10 см зузаан байна. Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
Онцгой байдлын албанаас иргэд, малчид, тээвэрчид, аялагчдыг мөсөн дээгүүр явган болон автомашинаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
