Гол, нуурын мөсний зузаан өөрчлөлт багатай байна

2026-02-24 21:011min
20260224-210107-file.jpeg
Цаг уурын байгууллагын мэдээллээр гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүйгээр нимгэрч байгаа тул иргэдийг мөсөн дээгүүр явган болон автомашинтай тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын мэдээллээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан ихээхэн өөрчлөлтгүй байна. Харин жижиг голууд нь ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.

Жишээ нь, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг голын мөсний зузаан Хатгал тосгон орчимд 5 см-ээр нимгэрсэн байна. Харин Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 6 см-ээр нэмэгдэж, 95-107 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-10 см-ээр зузаан байна.

Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа бөгөөд цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүйгээр нимгэрэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид болон аялагчдыг мөсөн дээгүүр явган болон автомашинтай тээвэр хийхээс зайлсхийхийг онцгойлон анхааруулж байна.