Д.Цэрэндарьзавт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэв

XVII жарны Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн тэргүүн салбар бүрийн амжилттай ажилласан төлөөлөлд одон, медаль гардууллаа.
Энэ үеэр “Нүүдэл” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Дашнямын Цэрэндарьзавт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын урлагийн тайз, дэлгэцийн салбарт 50 гаруй жил тасралтгүй уран бүтээл туурвисан, 60 орчим тайзны жүжиг, 40 гаруй дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн Д.Цэрэндарьзавт Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнаж байна” гэж онцлов.
Тэрбээр “Аз жаргалын эрэлд”, “Хүний мөс”, “Хүргэн хүү”, “Үүр цайхын өмнө”, “Сүүн цагаан өргөө” зэрэг бүтээлүүдээрээ театр, кино урлагийн хөгжлийн түүхэнд тод мөр үлдээсэн бөгөөд үндэсний соёл урлагийг түгээх, залгамж халааг бэлтгэхэд идэвхтэй ажилласан юм.
