Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж, гавьяат болон аварга малчдыг шагналаа

2026-02-15 15:261min
20260215-152634-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж, гавьяат багш, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Улсын аварга малчин, саальчин нарыг шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, нийгэм, эдийн засгийн байдал болон төр, засгаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцууллаа.

Тэрбээр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахмад багш З.Цэдэннямыг Гавьяат багш, “Ундрах бүл” хоршооны дарга Л.Гансүхийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, удахгүй болох “Сүрээр дарагч” гал морин жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлэв.

Мөн У.Хүрэлсүх Батноров сумын иргэдтэй уулзаж, Баянбулаг багийн малчин Б.Ганбатын гэр бүлд Улсын аварга малчин цол гардууллаа. Б.Ганбат болон гэргий П.Ариунбилэг нь 30 орчим жил мал маллаж, сүүлийн гурван жилд 100 эхээс 100-110 төл бойжуулж, 2025 оны эцэст 1,229 толгой мал тоолуулсан байна.

Түүнчлэн сүүлийн гурван жилд цөөн болон малгүй 10 өрхийг 620 толгой малтай болгож, зургаан шавь малчинтай болсон байна. Б.Ганбат нь 2016 онд Сумын аварга малчин, 2020 онд Аймгийн аварга малчин цол хүртэж байжээ.

Ерөнхийлөгч Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн саальчин Ц.Баярмаад Улсын аварга саальчин цол гардууллаа. Ц.Баярмаа мал сүргээ жил бүр өсгөн үржүүлж, 2025 оны эцэст 350 толгой малтай болсон бөгөөд 47.5-93.8 мянган литр сүү сааж, цагаан идээг зах зээлд нийлүүлж байна.

Тэрбээр арга туршлагаа залуу малчдад сурган хоёр шавьтай болжээ. Ц.Баярмаа 2021 онд Сумын аварга саальчин, 2023 онд Аймгийн аварга саальчин цол хүртэж, 2025 онд МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан тугалын эзэн” шагналд шалгарчээ.