Амьд цэцгийн импорт 2023-2025 онд 2.9 дахин өсжээ

2026-02-15 14:231min
20260215-142259-file.jpeg
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр амьд цэцгийн импорт 2023-2025 онд 2.9 дахин өссөн бөгөөд 2026 оны нэгдүгээр сард 973,229 ширхэг амьд цэцэг импортолсон байна.

Гаалийн ерөнхий газраас 2026 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 973,229 ширхэг амьд цэцэг импортолсныг танилцууллаа.

Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр амьд цэцгийн импорт 2.9 дахин өссөн байна. Тухайлбал, 2023 онд 4.2 сая ширхэг, 2024 онд 6.8 сая ширхэг буюу өмнөх оныхоос 62 хувиар өссөн, 2025 онд 12.2 сая ширхэг буюу өмнөх оноос 80 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.

Амьд цэцгийг голчлон БНХАУ-аас 297 мянган ам.долларын үнийн дүн бүхий 949,327 ширхэг, Эквадор улсаас 11 мянган ам.долларын 6,855 ширхэг, Нидерланд улсаас 23.6 мянган ам.долларын 17,010 ширхэг, БНСУ-аас 0.1 мянган ам.долларын 37 ширхэг импортолсон байна.

Амьд цэцгийн импорт жилээс жилд тогтмол өсөж байгаа нь зах зээлийн эрэлт нэмэгдэж байгааг илтгэж байна.