“Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийн талаар санал солилцов

2026-02-15 12:441min
20260215-124422-file.jpeg
Боловсролын яам “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран ажиллах талаар хэлэлцэв. Хөтөлбөр нь цахим орчин дахь дээрэлхэлтийн эсрэг урт хугацааны бодлого юм.

Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Ц.Алтансор нар “Human network”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Ноорог академи”-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан нарыг хүлээн авч уулзан, “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Орчин үеийн технологийн хөгжлийн нөлөөгөөр сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт цахим орчинд шилжиж, эрүүгийн шинжтэй болж байна. Энэ асуудал нь Монгол Улсад төдийгүй дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болжээ. Өмнө нь дээрэлхэлтийн буруутай этгээд тодорхой байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэгдэх болсон байна.

Олон улсын 266 мянган хүүхдийг хамруулсан 42 удаагийн судалгааны үр дүнгээс үзэхэд, дээрэлхэлт болон бэлгийн хүчирхийлэл цахим орчинд илүү хурдтай өсөж, хүүхдийн сэтгэл зүйд ноцтой хохирол учруулж байгааг тогтоожээ. Монгол Улсад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 32.1 хувь нь ядаж нэг удаа амиа хорлох оролдлого хийсэн нь нийгэмд анхаарал татаж байна.

Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэгдэх дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг урт хугацааны үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх Боловсролын яамны санаачилгыг Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулж, холбогдох яамдаас санал авч УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн “Аюулгүй сүлжээ” үндэсний платформыг бий болгох, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх мэдлэг олгох агуулгыг сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар оруулах, сэтгэл зүй, эмпати, хүндлэл, хариуцлагын ур чадварыг хөгжүүлэх, дээрэлхэлтийн сөрөг нөлөө болон сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг таниулах, өөрийгөө болон найзыгаа хамгаалах арга замыг суралцах, эцэг эхчүүдийн оролцоотой “Е-police” үйлчилгээг ажиллуулах талаар санал нэгдлээ.

“Аюулгүй сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, хүндлэлтэй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны бодлогын эхлэл юм.