Ерөнхий сайд Дарханы дулааны цахилгаан станцад ажиллаж, шинэ эх үүсвэрийн шаардлагыг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймгийн цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг шалгах үүднээс Дарханы дулааны цахилгаан станцад ажиллалаа.
Дарханы ДЦС нь 83 МВт хүчин чадалтай бөгөөд нийт есөн зуух ажиллуулж байна. 1965 онд ашиглалтад орсон тус станцын турбин генераторуудыг шинэчлэх шаардлага үүссэн байна. Турбин генераторуудын ашиглалтын хугацаа 120 мянган цаг байх ёстой ч одоогоор 288-359 мянган цаг ажиллаж, хугацаа нь гурван дахин хэтэрчээ.
2025 онд Дархан хотод 3800 орчим хүн шилжин ирсэн бөгөөд 1300 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Мөн 2021 оноос хойш аймгийн төсвийн орлого гурав дахин нэмэгдэж, эдийн засаг гурван жилийн хугацаанд хоёр дахин тэлжээ.
Цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа тул аймгийн удирдлагууд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх санал гаргасан байна. Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ эх үүсвэр барих ажлыг шуурхай, цэгцтэй эхлүүлэхийг үүрэг болгож, судалгаа, тооцооллыг түргэн шуурхай хийхийг даалгалаа.
