Ерөнхий сайд Дарханы цахилгаан, дулааны станцад ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймгийн цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг шалгах зорилгоор Дарханы дулааны цахилгаан станцад (ДЦС) ажиллалаа.
Дарханы ДЦС нь 83 МВт хүчин чадалтай бөгөөд нийт есөн зуух ажиллуулж байна. Тус станц 1965 онд ашиглалтад орсон бөгөөд турбин генераторуудыг шинэчлэх шаардлага үүсжээ. Турбин генераторуудын ашиглалтын хугацаа 120 мянган цаг байх ёстой ч одоогийн байдлаар 288-359 мянган цаг буюу гурван дахин хэтэрсэн байна.
2025 онд Дархан хотод 3800 орчим хүн шилжин ирсэн бөгөөд 1300 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон байна. Мөн 2021 оноос хойш төсвийн орлого гурав дахин нэмэгдэж, эдийн засаг гурван жилийн хугацаанд хоёр дахин тэлжээ.
Иймд цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа тул аймгийн удирдлагууд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх саналыг Ерөнхий сайдад танилцуулсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ эх үүсвэр барих ажлыг шуурхай, зохион байгуулалттай эхлүүлэх, судалгаа, тооцооллыг түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө.
