Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, орон тоог оновчлох ажил үргэлжилж байна

2026-02-15 10:031min
20260215-100353-file.jpeg
Дотоод хэргийн их сургууль "процессын дахин инженерчлэл"-ийн аргачлалаар бүтэц, орон тоог оновчлон, удирдах албан тушаалын тоог бууруулж, төсвийн хэмнэлт гаргаж байна.

Засгийн газар бүх шатны төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог оновчтой болгох, шаардлагагүй зардлыг бууруулах, хэмнэлтийн горимоор ажиллах бодлого баримталж байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн бүтэц, орон тоонд мэргэжлийн зөвлөх болон багийн гишүүд хамтран “процессын дахин инженерчлэл”-ийн аргачлалаар нарийвчилсан дүн шинжилгээ хийжээ. Үүний үр дүнг ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд танилцуулсан байна.

ДХИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “процессын дахин инженерчлэл”-ийн зургаан аргачлалыг ашиглан тус сургуулийн 87 нэгжийг 69 болгож, нийтдээ 18 нэгжээр цөөрүүлжээ. Мөн дарга статустай 21 удирдах албан тушаалын орон тоог бууруулсан байна. Ингэснээр ДХИС-ийн дарга нарын тоо буурч, олон шат дамжлага багасах бөгөөд үүний үр дүнд төсвийн хэмнэлт бий болж, албан хаагчдын ажлын ачаалал тэнцвэржих давуу талтай юм. Цаашид салбарын хэмжээнд “процессын дахин инженерчлэл” хийж, байгууллага тус бүр үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, хэмнэлттэй байлгахад анхаарах шаардлагатайг Б.Энхбаяр сайд онцолсон байна.