Хөвсгөл нуурын мөсөн дээр автомашин хазайж, зорчигчид эсэн мэнд гарчээ

2026-02-13 09:001min
20260213-090031-file.jpeg
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд мөсөн дээгүүр явж байсан автомашин хазайж, зорчигчид нь аюулгүй гарсан бөгөөд Онцгой байдлын алба хаагчид тэднийг эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын “Хилтийн хилт” гэдэг газар хоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагийн орчим Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд “Хөвсгөл” далайн мөсөн дээгүүр явж байсан суудлын автомашин хар хил рүү баруун талын дугуй хэсгээрээ орсон байна. Зорчигчид автомашинаасаа эсэн мэнд гарчээ.

Дуудлагыг мөн өдрийн 22:05 цагт хүлээн авч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид очиж, тус автомашинд зорчиж явсан дөрвөн хүнийг тээвэрлэн мөн өдрийн 01:20 цагт Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байна.

“Уаз-3962” загварын суудлын автомашин баруун талын урд болон хойд дугуй хэсгээрээ хар хил рүү орж, хазайсан байсныг татан гаргасан байна.

Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн зузаан харилцан адилгүй, нимгэн хөлдсөн байгаа тул иргэд, аялагчид, малчид, тээвэрчдийг мөсөн дээгүүр явган болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг урьдчилан сэрэмжлүүлж байна.