Оюу толгой төслийн хэлэлцээг эрчимжүүлж, Монголын эрх ашгийг хангахаар тохиролцов

2026-02-13 10:301min
20260213-103039-file.jpeg
“Рио Тинто” групп, “Оюу толгой” ХХК болон Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах талаар хэлэлцээг үргэлжлүүлж, энэ оны эхний хагаст шийдвэрлэхээр тохиролцов.

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар 2026 оны хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзав.

Уулзалтын үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төслийн Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайдын захидалдаа тусгасан асуудлуудыг хэлэлцэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Оюу толгой төслийн өгөөжийн ихэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах талаар бодит үр дүн гаргах шаардлагатайг онцлов.

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт энэ оны хоёрдугаар сарын 5-нд илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулахын тулд талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв.

Мөн Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх бөгөөд энэ нь Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байгааг дурдсан байна.

Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөж нэмэгдэхэд шууд нөлөө үзүүлэх аж.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Ерөнхий сайд Г.Занданшатарын саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн 2026 оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.