Сар шинийн баяраар буузаа жигнэхдээ гялгар уут хэрэглэхгүй байхыг зөвлөв

Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх айл өрхүүд буузаа жигнэхдээ зориулалтын гялгар уут, жигнүүрийн цаас зэрэг бүтээгдэхүүн ашигладаг.
Гэвч эдгээр гялгар уут нь фоли этилин гэх бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг органик уусгагчийг ялгаруулдаг нь хүнсэнд шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын төв лабораторийн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон бөгөөд 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай болох нь тогтоогджээ.
Иймд мэргэжилтнүүд буузаа жигнэхдээ гялгар уут ашиглахгүй байхыг зөвлөж байна. Тэдгээрийн оронд жигнүүрээ тослох нь хамгийн зөв арга бөгөөд тос нь гадаргуугийн идэвхт бодис учир хангалттай хамгаалалт болдог.
Түүнчлэн жигнүүрийн зориулалтын цаас ч гялгар ууттай адил материалтай байж болзошгүй тул анхаарах хэрэгтэй. Гялгар уутыг халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх нь зөв бус бөгөөд зөвхөн савлах зориулалттай гэдгийг санах шаардлагатай юм.
