Улсын бүртгэл, ипотекийн корпораци цахимжуулалтад хамтран ажиллана

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар болон Монголын ипотекийн корпорацийн төлөөллүүд 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог хялбаршуулах, цахимжуулах талаар санал солилцов.
Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх эсвэл чөлөөлүүлэхэд иргэд заавал биечлэн ирж, цаг хугацаа зарцуулдаг асуудлыг цахимжуулах, иргэд зөвхөн банкин дээрээсээ үйлчилгээгээ авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд тусгахаар зорьж байгааг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдэгдэв.
Мөн “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багц”-ыг бүртгэх ажлыг илүү шуурхай, хялбар болгох, мэдээлэл солилцоог сайжруулах, цахимжуулах, албан хаагчдын механик ачааллыг бууруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцов.
Уулзалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Болормаа, Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Э.Мөнхжин, Улсын бүртгэгч Э.Сувд-Эрдэнэ, Монголын ипотекийн корпорацийн Үнэт цаасжуулалтын газрын захирал Т.Гансамбуу, Мэдээллийн технологийн газрын захирал Н.Бат-Өлзий болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.
