Увс аймгийн Засаг даргаар Э.Насанбатыг сонголоо

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан Улаангом сумын нутгийн захиргааны ордонд зохион байгуулагдлаа. Хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАН-ын бүлгээс төлөөлөгч Э.Насанбат, АН-ын бүлгээс Д.Цэндсүрэн нар өрсөлдсөн байна.
Аймгийн Засаг даргыг сонгох нууц санал хуралтад 32 төлөөлөгч оролцож, Э.Насанбат олонхын буюу 53.13 хувийн санал авсан байна. Иймд түүнийг Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлах тогтоолыг баталжээ.
Э.Насанбат нь 1980-1990 онд Ахлах хоёрдугаар сургууль, 1999-2002 онд Хөдөлмөрийн дээд сургууль, 2010-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцсан байна. Тэрбээр 1992 онд “Дэглий цагаан” ХХК-д нябо, 1998 онд Татварын хэлтэст эдийн засагч, 2003 онд Аймгийн СТСХэлтэст төрийн сангийн мэргэжилтэн, 2008 оноос “Мөнхжим Өргөө” ХХК-д захирлаар ажиллаж байжээ.
