УНТЭ-ийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулна

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) захирал 10 хоногийн дотор хоёр удаа солигдсон талаар Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн хурлын үеэр сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, Эрүүл мэндийн тусламжийн тухай хуулиар эмнэлгийн үйл ажиллагаанд улстөрчдийн оролцоог хязгаарлаж, томоохон лавлагаа шатлалын эмнэлгүүд Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-тэй байх ёстойг онцлов. ТУЗ-өөр дамжуулан эмнэлгийн удирдлагыг томилдог хууль эрхзүйн зохицуулалттай.
УНТЭ-ийн өмнөх захирлын томилгоо нь хууль бус байсан талаар Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг маргаан зургаан жил үргэлжилсэн байна. Шүүхийн шийдвэрээр хууль бус томилгоог засаж залруулах үүднээс түр томилогдсон даргыг чөлөөлж, хууль ёсны шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байгаа аж.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд зургаан жил шүүхэдсэн иргэн Н.Лхажий нэр төрөө сэргээлээ. Гэсэн хэдий ч тэрээр УНТЭ-д ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд одоо захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах гэж байна гэж сайд Ж.Чинбүрэн мэдэгдэв.
Тухайн үед УНТЭ-ийн ТУЗ 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Лхажийг ерөнхий захирлаар томилсон юм. Гэвч Н.Лхажий Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хоёрдугаар сарын 9-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
