2026 онд эзэмшүүлэх газрын байршил, зориулалтын жагсаалтыг баталлаа

Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг энэ жагсаалтад нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт өглөө.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, шуурхай шийдвэрлэх үүргийг даалгав.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх зорилготойг онцлов.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийжээ.
Үүний үр дүнд улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлсон байна.
Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байна.
Цаашид нийслэл, сум, дүүрэг уг тогтоолд тусгагдсан байршил, зориулалт, хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулан газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй, шат дамжлагагүй шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
