Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд залуусыг дэлхийн шилдэг их сургуульд илгээж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн сум, Улаанбаатар хотын хороо бүрээс элсэлтийн ерөнхий шалгалтаар тэргүүлсэн сурагчдыг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах зорилгоор илгээж байна.
Энэ хөтөлбөр нь 1926 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас 35 хүүхдийг Герман улсад сургахаар илгээж байсан түүхтэй холбогддог бөгөөд тухайн үеийн тэргүүний сэхээтнүүд эх орондоо соёлын үрийг тарьж, нийгэмд хувь нэмэр оруулсан билээ.
Өнөөгийн нийгмийн тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа нэмэгдэж буй үед энэхүү төрийн бодлого нь залуу үеийг хөгжүүлэх, ирээдүйг бэлтгэхэд чиглэсэн цаг үеэ олсон алхам гэж үнэлэгдэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан энэхүү хөтөлбөр нь эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн залуусыг дэлхийн шилдэг боловсрол эзэмшүүлэх замаар эх орондоо эргэн ирж, хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байна.
Д.Нацагдоржийн “Жигүүртэн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ” гэсэн үгсийн адил залуус хүсэл тэмүүллээрээ амжилт бүтээж, эх орон гэсэн бахархлаа эрч хүч болгон ихийг сурахыг уриалж байна.
