Таван шар орчимд 90 метр урт явган хүний гүүрэн гарц барина

2026-02-10 08:301min
20260210-083029-file.jpeg
Таван шарын нүхэн гарцын орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барихаар бэлтгэл ажил хийгдэж байна. Гүүрэн гарц ирэх зун ашиглалтад орж, явган зорчигчдын аюулгүй байдлыг сайжруулна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Таван шар, Геологийн төв лаборатори, “Хермес” төв, Нарантуул захын дөрвөн замын уулзвар дээр нүхэн гарц барихаар төлөвлөсөн.

Эдгээрийн нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын зорчих хөдөлгөөнийг 2024 оны есдүгээр сард нээсэн бөгөөд одоо ногоон байгууламж, замын таних тэмдэг, тэмдэглэгээ, орчны арчилгаа зэрэг дагалдах тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд уг гүүрэн гарцыг ирэх зун ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ.

Мөн гүүрэн гарцад гурван орц, гарц бүхий рамп, пандус байрлуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.

Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж бөгөөд Улаанбаатар хотод анхдагч бүтээн байгуулалт болж байв.