Монголын ахмад дугуйчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр алтан медаль хүртэв

2026-02-09 21:001min
20260209-210033-file.jpeg
Саудын Арабын Аль-Кассим хотод болсон засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын ахмад тамирчид хоёр алтан медаль хүртлээ. Тэмцээнд 23 тамирчин оролцож байна.

Саудын Арабын Аль-Кассим хотод зохион байгуулагдаж буй засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож байна. 2026 оны хоёрдугаар сарын 8-нд мастер ангиллын эрэгтэйчүүдийн 20 км, эмэгтэйчүүдийн 15.8 км ганцаарчилсан уралдаан болж, тивийн аваргууд тодорлоо.

Тус ангилалд Монгол, Тайланд, Казахстан, Тажикистан, Малайз, Хонконг, Киргизстан, Саудын Арабын баг тамирчид өрсөлдөж, Монголын ахмад дугуйчид хоёр алтан медаль хүртсэн байна. 55-59 насны ангилалд ОУХМ Д.Шинэбаяр (Хоршоолол), 66-69 насанд ОУХМ Г.Анхбаяр (Монруд) нар тивийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлжээ. Мөн 55-59 насанд С.Түмэндэмбэрэл (Хубилай хаан), эмэгтэйчүүдийн 45-49 насанд Д.Эрдэнэтуяа (Улаанбаатар нийгэмлэг) нар хүрэл медаль хүртсэн байна.

ОУХМ Д.Шинэбаяр энэ тэмцээнд хоёр дахь алтан медалиа хүртсэн бол ОУХМ Г.Анхбаяр найм дахь алтан медалиа авлаа.

Монгол Улсаас дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор дөрвөн насны ангилалд нийт 23 тамирчин оролцож байна.