Улаанбаатарын гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана

2026-02-07 16:001min
20260207-160032-file.jpeg
Улаанбаатар хотын гэр хорооллын 800 өрхийг 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээгээр хангаж, цахилгаан халаагуур болон батарейтай нарны хавтан суурилуулах төсөл хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотын гэр хорооллын 800 өрхийг цэвэр, найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн менежмент, орон сууцны хэлтсийн мэдээллээр, тус 800 өрхөд цахилгаан халаагуур болон батарей хуримтлууртай хосолсон 80 кВт-аас 1000 кВт хүртэл хүчин чадалтай нарны хавтанг суурилуулах аж.

“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, мөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээний шийдлийг туршиж, айл өрхүүдийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбож, сэргээгдэх эрчим хүчээр халаах зорилготой энэхүү төсөл нь нийслэлийн эрчим хүчний хэрэглээг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр нэмэх жишиг загвар болох юм.

Төслийг 2027 оны арван хоёрдугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.