Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад хийсэн албан айлчлалаа өндөрлүүлэв

2026-02-07 17:001min
20260207-170036-file.jpeg
Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нисэх буудлын хөгжлийн төслүүдийг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж байна.

Айлчлалын үеэр сайд Б.Дэлгэрсайхан Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх зорилгоор олон албан уулзалтуудыг зохион байгууллаа.

Тэрбээр Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Хории Иваотой уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Мөн Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүкитэй уулзаж салбарын хамтын ажиллагааг хэлэлцэв.

Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-ийн Ерөнхийлөгч Танакатай уулзаж хамтын ажиллагааны чиглэлүүдийг ярилцлаа.

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа (ТЭЗҮ) болон зураг төслийг боловсруулж буй Японы “Ориентал Консалтантс Глобаль” ХХК-ийн Ерөнхийлөгч Ёнэзава Эйжи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж төслийн явцын талаар санал солилцов.

Япон улсын Мицубиши Корпорацийн байранд Аж үйлдвэрлэл машин механизмын газрын Масанори Кохама, Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

“Ханеда” нисэх буудлын Ерөнхий захирал Казухито Танакатай уулзаж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар туршлага солилцож, хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг хэлэлцэв.

Япон Улсын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудалтай танилцаж, нисэх буудлын менежмент, бодлого төлөвлөлт, зураг төсөл, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзаж мэдээлэл солилцов.

Түүнчлэн Япон улсын “Japan Aviation Academy”-ийн ерөнхий захирал Шигэо Умэзавагийн хамтаар нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсад салбар сургууль нээх, нислэгийн сургалт, дадлагын бааз байгуулах талаар ярилцав.

“Ханэда” олон улсын нисэх буудлын Токио олон улсын агаарын ачаа тээврийн терминал (TIAC)-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцсон байна.