Гэрлэсэн хосууд 2026 оны өвлийн олимпын скелетоны төрөлд хоёр улсын төлөө өрсөлдөнө

2025 онд гэрлэсэн Бельги улсын скелетоны тамирчин Ким Мейлманс болон Бразил улсын тамирчин Николь Силвейра нар 2026 оны өвлийн олимпын наадамд эмэгтэйчүүдийн скелетон төрлөөр өрсөлдөх гэж байна. Тэд хоёр өөр улсын төлөө олимпын нэг төрөлд өрсөлдөх цорын ганц гэрлэсэн хос бөгөөд хоёулаа эмэгтэй тамирчид юм.
Тэдний танилцсан түүх 2019 оны олон улсын скелетоны дэлхийн цомын бэлтгэлийн үеэр эхэлсэн бөгөөд Герман, Швейцарын мөсөн зам дээр нэг дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийдэг байсан нь тэднийг ойртуулсан гол шалтгаан болсон. Эхэндээ зөвхөн өрсөлдөгчид байсан ч ижил спортын орчин, ижил дарамт, айдсыг ойлгодог байдал нь тэднийг хурдан дотносох нөхцөл бүрдүүлжээ. Ингээд спортын хамтрагчид амьдралын хамтрагч болж, албан ёсоор гэрлэсэн байна.
Ким Мейлманс нь 2018 оноос скелетоноор хичээллэж, Бельгийн хамгийн амжилттай тамирчдын нэг болсон бол Николь Силвейра нь Бразилаас гаралтай, дэлхийн цомын хүрэл медальт, 2022 оны өвлийн олимпод 13-р байр эзэлсэн тамирчин юм. 2025 оны дэлхийн цомын эмэгтэй скелетоны тэмцээнд Мейлманс алт, Силвейра хүрэл медаль хүртэж, нэг подиумд гарч байжээ.
“Милан Кортино 2026” өвлийн олимпын скелетоны хуваарь Монгол цагаар: хоёрдугаар сарын 12-нд эрэгтэйчүүдийн төрлийн нэг, хоёрдугаар гараа; хоёрдугаар сарын 13-нд эмэгтэйчүүдийн төрлийн нэг, хоёрдугаар гараа; мөн хоёрдугаар сарын 13-нд эрэгтэйчүүдийн гурав, дөрөвдүгээр гараа, финал; хоёрдугаар сарын 14-нд эмэгтэйчүүдийн гурав, дөрөвдүгээр гараа, финал; хоёрдугаар сарын 15-нд холимог багийн төрөл медалийн уралдаанаар өндөрлөнө.
