Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт 26 хувийн хамралттай үргэлжилж байна

2026-02-05 16:061min
20260205-160621-file.jpeg
Улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа тул 10–15 насны хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт зохион байгуулж, улсын хэмжээнд дархлаажуулалтын хамралт 26 хувьтай үргэлжилж байна.

Улаанбурхан өвчин нь өндөр халдварлах чадвартай бөгөөд нэг халдвартай хүн дунджаар 12–18 хүнд халдвар тараах эрсдэлтэй юм. Дархлаа тогтоогүй бага насны хүүхдүүд өвчлөх нь элбэг бөгөөд уушгины хатгаа зэрэг хүндрэл үүсч, амь насаа алдах тохиолдлууд бүртгэгдсээр байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр нийт хүн амын 95-аас дээш хувь нь дархлаатай болсноор сүргийн дархлаажуулалт хангагдаж, хүүхдүүдийг хүндрэл, эндэгдлээс хамгаалах боломжтой гэж үзэж байна.

2026 оны хоёрдугаар сарын 4-ний байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт тохиолдол 14,075 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 11,486 нь Улаанбаатар хотод, 2,577 нь орон нутагт, тав нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна. Шинээр илэрсэн 25 тохиолдлын найм нь нийслэлд, 17 нь орон нутагт бүртгэгджээ.

Одоогоор 58 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 25 нь нийслэлд, 33 нь орон нутагт байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт улаанбурханаар өвчилсөн 6 сартай нэг хүүхэд хүнд оноштойгоор эмчлүүлж байна.

Насны бүлгээр авч үзвэл өвчлөл 10–14 насныханд хамгийн өндөр буюу 5,192 тохиолдол бүртгэгдсэн бол 0–4 насны хүүхдүүдийн дунд 3,349 тохиолдол илэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 70 хувийг вакцины бүрэн тунд хамрагдаагүй эсвэл огт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байна.

Улаанбурхан өвчин нь вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой тул иргэд вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд шалгуулж, хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад яаралтай хамрагдахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас мэдээлснээр, улсын хэмжээнд улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцинаар нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн 10–15 насны хүүхдүүдийг хамруулсан нэмэлт дархлаажуулалтын ажил орон даяар хэрэгжиж эхэлжээ.

Үндэсний статистикийн мэдээллээр 10–15 насны нийт 420 мянга гаруй хүүхэд улсын хэмжээнд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийг 95 ба түүнээс дээш хувийн хамрагдалтад хүргэх зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар дархлаажуулалтын явц 26 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 400 мянга гаруй хүүхдээс 110 мянга орчим нь улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдсан байна.

Нэмэлт дархлаажуулалтад 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, одоогоор 10–15 насанд хүрсэн хүүхдүүдийг хамруулж байгаа бөгөөд энэ насны бүлэгт нэмэлт дархлаажуулалт зохион байгуулж байгаа шалтгаан нь 2025 онд бүртгэгдсэн улаанбурхан өвчний 13 мянга гаруй тохиолдлын ихэнх хувийг уг насныхан эзэлж байгаатай холбоотой юм. Иймээс энэ бүлгийн хүүхдүүдийн дархлааны түвшинг нэмэгдүүлэх, цаашдын өвчлөлийг бууруулах зорилгоор нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж байна.