Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын техникийн ажилтдыг цомхотгох нь системийн тасралтгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлнө

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл цалингийн нэмэгдлийг далимдуулан цомхотгол хийж эхэлсэн талаар мэдээлсэн бөгөөд 20-иод хүнтэй сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч, жолооч нарыг халж байгааг онцолсон байна.
Эрүүл мэндийн салбарын орон тооны цомхотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох шийдвэр гарсныг онцлоод, төрийн бүтцийг оновчтой болгох, үр ашиггүй зардлыг танах нь зөв боловч энэ шийдвэрийг салбарын онцлог, бодит нөхцөлөөс ангид, механик байдлаар хэрэгжүүлэх нь алдаа гэж үзэж байна.
Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагчдыг цомхотгохгүй гэж байгаа нь зөв боловч техникч, инженер, лабораторийн ажилтан, оношилгооны тоног төхөөрөмж хариуцагч нарыг цомхотгох нь өрөөсгөл ойлголт гэжээ.
Эдгээр тусгай мэргэжилтнүүд эмнэлгийн нийт ажиллагсдын дунд 20 хувьд ч хүрдэггүй ч эмнэлгийн үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд MRI, CT, лабораторийн тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээ, калибровк, аюулгүй ажиллагаа, тасралтгүй ажиллагааг хангадаг тул тэднийг цомхотгох нь эмчийг үлдээж багажийг эвдэж буйтай адил гэж тайлбарласан байна.
Эмнэлэг нь зөвхөн эмч, сувилагчийн нийлбэр биш, нарийн уялдаатай систем бөгөөд нэг хэсэг нь доголдвол бүхэлдээ асуудал үүсдэг гэжээ.
Цомхотголыг “таналт” нэрээр хамгийн чухал, орлуулашгүй хэсгээс эхлэн хийх нь иргэдэд сөрөг нөлөөтэй болохыг анхааруулсан байна.
Т.Мөнхсайхан 2026 оны улсын төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг хөндсөн бөгөөд эрүүл мэндийн салбарт цомхотгол хийхдээ тоон зорилт биелүүлэхээс илүү үйл ажиллагааны тасралтгүй байдлыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.
Тэрбээр хэмнэлт нэрийн дор системийг эвдэхгүй байхыг зөвлөсөн юм.
