Г.Занданшатар: Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын үр өгөөжийг төр ард түмэнд хүртээх ёстой

2026-02-05 12:361min
20260205-123616-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал гэж онцлов. Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын талаар хэлэлцэв.

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо. Хуралдаанаар Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байгааг хэлэлцэв. Мөн 2030 он хүртэл тус сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байх хуульчилсан нь нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нийцэж байгаа эсэхийг судлах шаардлагатайг тэмдэглэв.

Зөвлөлийн хурлаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” гэсэн Үндсэн хуулийн заалтыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.

Тэрбээр стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго нь хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш гэж онцлов. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд гол ач холбогдол өгч буйг тэмдэглэв. Мөн төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал гэж тодорхойллоо.

Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай болон Татварын багц хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан бөгөөд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгааг мэдээлэв.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордуудын төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, санал солилцов.