Улаанбаатар хотын бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй ААН-ийг торгоно

2026-01-29 17:061min
20260129-170616-file.jpeg
Улаанбаатар хотын захирагчийн албанаас сар шинийн баярыг угтан бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, оролцоогүй аж ахуйн нэгжүүдийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор болжээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хоёрдугаар сарын 10-15-нд сар шинийн баярыг угтан бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаа мэдэгдлээ. Энэ хугацаанд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүрэгтэй юм.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий инженерийн тушаалаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах шийдвэр гарсан байна. Албан байгууллагууд 50 метр доторх хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэж, өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй.

2026 онд нийслэлд найман удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгжүүдийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцох юм.

Улаанбаатар хотын Захирагчийн албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргалын мэдээлснээр, бүх нийтийн цэвэрлэгээнд оролцохыг уриалж, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэн, аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.