Монгол Улсаас АНУ болон бусад орнуудад хэвийн боов тогтмол экспортолж байна
2026-01-29 17:361min

Монгол Улсаас АНУ, Швед, Швейцар, БНСУ руу хэвийн боов, еэвэн тогтмол экспортолж байгаа бөгөөд АНУ руу хийж буй экспорт 2025 онд хоёр дахин өссөн байна. Мөн АНУ-д Монгол гаралтай иргэдийн тоо сүүлийн таван жилд 51 хувиар нэмэгджээ.
Монгол Улсаас АНУ, Швед, Швейцар, БНСУ руу хэвийн боов, еэвэн тогтмол экспортолж байгааг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.
АНУ руу хийж буй хэвийн боовны экспорт 2025 онд 6,490 кг хүрсэн нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Харин 2026 оны нэгдүгээр сарын 21-ний байдлаар 1,851 кг хэвийн боов экспортлогдсон байна.
2023 оны байдлаар АНУ-д Монгол гаралтай нийт 50 мянга орчим иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нь тус улсын Ази гаралтай иргэдийн 0.2 хувийг эзэлж байна. Сүүлийн таван жилд АНУ-д оршин сууж буй Монгол гаралтай иргэдийн тоо 51 хувиар нэмэгдсэн гэж АНУ-ын хүн амын тооллогын товчооны тайланд дурджээ.
