Монгол Улс анх удаа “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг зохион байгуулна

Монгол Улс ирэх долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд анх удаа “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Үүний хүрээнд Хүй долоон худагт таван төрлийн хүрээ бүхий цогцолбор байгуулах бөгөөд эдгээр нь “Үндэсний спортын хүрээ”, “Соёлын хүрээ”, “Нүүдэлчин хүрээ”, “Өв тээх хүрээ”, “Язгуур хүрээ” нэртэйгээр үйл ажиллагаа явуулах юм.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсантай холбогдуулан зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ахалж байна.
Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын дарга А.Баяр “Эрт дээр үеэс адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн Монгол Улс дэлхийн бүх морьтныг эх орондоо цуглуулан 10 мянган морьтны парад зохион байгуулах болно” гэж мэдээлэв.
Мөн “Дэлхийн адууны өдөр”-т зориулсан 10 мянган морьтны жагсаалд Монголчуудын сайн мэдэх Солонгосын жүжигчин Жан Хёг мянгатын баатрын дүрээр оролцох бөгөөд тив дэлхийд алдартай бусад хүмүүс морины элч төлөөлөгчөөр оролцох юм. Олон сонирхолтой үйл ажиллагааг уг арга хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
